EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
Үйлчилгээний нөхцөл

TRADEMONGOLIA.MN САЙТ НЬ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ӨМЧ БӨГӨӨД ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ УГ САЙТААР ҮЙЛЧЛҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ҮҮСЭХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХАД ОРШИНО.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/ нь хууль эрх зүй, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлт оруулах бүрэн эрхтэй.
1.2. МҮХАҮТ-ын гишүүн TradeMongolia.MN вэб сайтын хэрэглэгч болно.
1.3. Тус Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд МҮХАҮТ болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.
1.4. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрснөөр байгууллагын ерөнхий мэдээлэл нийтэд ил харагдана.
1.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:

  • “Зочин” гэдэгт сайтын үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч сайтаар үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.
  • “Хэрэглэгч” гэдэгт МҮХАҮТ-ын гишүүнээр элсэн сайтад нэвтэрч, байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг оруулж буй хуулийн этгээдийг хэлнэ.
  • “Хэрэглэгчийн эрх” гэдэгт байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг засварлах эрх бүхий МҮХАҮТ-д бүртгэлтэй хэрэглэгчийг хэлнэ.
  • “Газрын зураг” гэдэгт тухайн байгууллагын хаягийг яг тодорхой заасан байршлыг хэлнэ. (газрын зурагт тэмдэглэх)
  • “Танилцуулга” гэдэгт тухайн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлах, танилцуулах зорилгоор хийгдсэн цахим танилцуулгыг хэлнэ. (зураг, текст)
  • “Мэдээлэл, үйлчилгээ” гэдэгт тухайн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээний цахим танилцуулга, төрөл бүрийн мэдээллийг хэлнэ. (гарчиг, зураг, текст)
  • “Бүтээгдэхүүн” гэдэгт тухайн байгууллагаас санал болгож буй бүтээгдэхүүний танилцуулгыг хэлнэ. (бүтээгдэхүүний нэр, зураг, текст, тайлбар)
  • “Бизнес санал” гэдэгт тухайн байгууллагаас байгууллага, байгууллагаас хэрэглэгч рүү хандсан зарын сүлжээг хэлнэ. (гарчиг, зураг, текст)
  • “Өргөдөл, гомдол” гэдэгт тухайн байгууллагаас бизнес, бизнесийн орчин дахь хүнд суртал, дарамт шахалт, бизнест учирч буй хүндрэл бэрхшээлийг холбогдох байгууллагад хүргэж шийдвэрлүүлэхийн тулд олон нийтэд хандан дэмжлэг авч МҮХАҮТ-аар дамжуулан дуу хоолойгоо хүргэх зорилго бүхий хэрэглэгч олон нийтэд зохиулсан хэсгийг хэлнэ. (гарчиг, зураг, текст)
  • “Менежер” гэдэгт тухайн байгууллагатай шууд харилцах ажилтныг хэлнэ. (овог нэр, утас, цахим шуудангийн хаяг)

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ

2.1. МҮХАҮТ-ын гишүүн TradeMongolia.MN вэб сайтын үйлчилгээг авах эрхтэй.
2.2. Вэб сайтад нэвтрэх нэр болон нууц үгийг МҮХАҮТ-аас авах эрхтэй. 
2.3. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь МҮХАҮТ-д гишүүнээр элссэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ба байгууллагын эрхээр нэвтэрсэн, мэдээллүүдээ оруулсан тохиолдолд үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглахгүй байх эрхтэй.
2.4. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн, шинэчлэгдсэн тохиолдолд Хэрэглэгч нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.
2.5. Хэрэглэгч вэб сайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг membership@mongolchamber.mn, албан бичиг, 7727-7070 утас болон бусад сувгаар илэрхийлэх, илгээх эрхтэй.
2.6. Хэрэглэгч нь өөрийн байгууллагын мэдээлэл, үйлчилгээ, бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл, гомдол зэрэг мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн дагуу нийтлэх эрхтэй.
2.7. Хэрэглэгч байгууллагын танилцуулга, лого, газрын зураг, мэдээлэл үйлчилгээ, менежерүүдээ оруулах, засварлах, устгах эрхтэй.
2.8. Хэрэглэгч бүтээгдэхүүн, бизнес санал, санал гомдол оруулах хүсэлтийг илгээх, засварлах, устгах эрхтэй.

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

3.1. Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр дагаж мөрдөх үүрэг хүлээнэ.
3.2. Хэрэглэгч нь вэб сайтад оруулсан байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ тогтмол шинэчлэж байх үүрэгтэй.
3.3. Хэрэглэгч нь мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бүрэн хариуцах ба сайтад оруулсан бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл, гомдол, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хариуцаж, үүнтэй холбоотой гарсан аливаа асуудлыг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
3.4. Хэрэглэгч нь TradeMongolia.MN вэб сайтыг ашиглахдаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд, аливаа гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчихгүй, бусад журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй, нийгмийн хэм хэмжээг сахин ашиглах үүрэгтэй.
3.5. Өөрийн нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах, гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх нь хэрэглэгчийн үүрэг байна. Мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлыг хэрэглэгч өөрөө хариуцана.

ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮҮРЭГ

4.1. Үйлчилгээ үзүүлэгч нь системийн арчилгаа, аюулгүй найдвартай байдал, хэрэглэгчийн мэдээлэл болон үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг хангах үүрэгтэй.
4.2. Үйлчилгээ үзүүлэгч нь байгууллагын танилцуулга, мэдээлэл үйлчилгээ, бизнес санал, өргөдөл гомдол зэрэг хэрэглэгч өөрөө бичиж найруулсан агуулгад өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй.
4.3. Аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй хэрэглэгч нэг бүртээ тэгш эрхээр хандах үүрэгтэй.
4.4. Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 нөхцлөөр үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
4.5. Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран санаатай болон санамсаргүй тохиолдлоор мэдээллээ устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдсан нөхцөлд үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.
4.6. Хэрэглэгчийн оруулсан байгууллага, мэдээлэл үйлчилгээ, бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл гомдлын утга агуулга, чанар, стандартад үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээхгүй.

ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ

5.1. Хэрэв хэрэглэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн хэрэглэгчийн дансыг түр хаах эрхтэй.
5.2. Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, программын өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэглэгчдэд урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
5.3. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнес санал, өргөдөл гомдолд оруулсан мэдээллийг хуурамч эсвэл Монгол улсын хууль тогтоомж, гуравдагч этгээдийн хууль ёсны эрхийг зөрчих, бусад үйлчилгээний нөхцөл, журамд заагдсан хууль бус үйл ажиллагаа явуулах, нийгмийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд устгах эрхтэй. Үүнд:

  • Oруулсан мэдээлэл нь энэхүү үйлчилгээний нөхцөл болон бусад холбогдох хууль тогтоомж зөрчих
  • Бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл, гомдлын мэдээлэл нь бодит бус байх
  • Хэрэглэгчдийн зүгээс болон бусад байгууллагаас оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэсэн гомдол ирэх, мөн холбогдох байгууллагын шаардлагын дагуу бусад Хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн талаарх үндэслэлтэй гомдол ирэх.

5.4. Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл үйлчилгээ, бүтээгдэхүүн, бизнес санал, өргөдөл гомдлыг TradeMongolia.MN вэб сайтын зохицуулагчийн зөвшөөрлөөр тодорхой хугацааны дараа хянагдаж вэб сайтад нийтлэх эрхтэй.
5.5. Хэрэглэгчээс вэб сайтад оруулах бүтээгдэхүүний тоо нь МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн бодлого, ангилалын дагуу хязгаарлалттай байна.
5.6. Хэрэв бүтээгдэхүүний ангилал нь вэб сайт дахь өөр ангилалд илүү тохиромжтой тохиолдолд ангилалыг өөрчлөн, тохирох ангилалд нийтлэх эрхтэй.
5.7. Хэрэглэгчийн үйлчилгээний дуусах огноо, үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад мэдээллүүдийг зөвхөн МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн газраас тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаягаар илгээх болно.

ЗУРГАА. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

6.1. Дараахи зүйлсийг сурталчилан нийтлэхийг хориглоно: Үүнд:

  • Архи согтууруулах ундаа
  • Тамхи, тамхины төрөл
  • Мансууруулах бодис
  • Эротик, секс, садар самуунтай холбогдох хэрэгсэл, үйлчилгээ
  • Хулгайн болон хууль бус бараа, үйлчилгээ
  • Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хөнөөлтэй, аюултай бараа
  • Галын аюултай хэрэгсэл, хүнд хор хөнөөлтэй хүйтэн байлдааны зэвсэг
  • Гуравдагч этгээдийн оюуны өмч
  • Амьтны тухай хуульд заасны дагуу зэрлэг ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
  • Дархан цаазтай болон хориотой ан амьтдын яс, арьс, эрхтэн, хэрэглэл гэх мэт: үлэг гүрвэлийн яс, зааны соёо, мөн түүнчлэн үнэт чулуу, музейн үзвэр, бүтээлүүд
  • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцоос гаргасан хориотой амьтан, ургамлыг худалдаалахыг тус тус хориглоно.
  • Зар сурталчилгааны тухай болон бусад хууль тогтоомжийн дагуу хориотой зүйлс

6.2. Байгууллагын ерөнхий мэдээллийг хэрэглэгч шууд өөрчлөх боломжгүй, зөвхөн шинэчлэх хүсэлт илгээх боломжтой. Вэб сайтын зохицуулагч байгууллагын хүсэлтийг хүлээн авч шинэчлэлтийг тодорхой хугацааны дараа оруулахыг анхаарна уу.
6.3. Бүтээгдэхүүний нэр, гарчигийг өгөхдөө зөвхөн тухайн бүтээгдэхүүний оновчтой нэрийг өгөх, ангилалаа зөв сонгох. Нэр болон гарчиг дээр үнэ оруулах эсвэл элдэв урамшуулал, хямдрал, бүтээгдэхүүний тайлбар зэргийг оруулахгүй байх. Бүтээгдэхүүний тайлбар нь зөвхөн тухайн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй эсвэл товч мэдээллийг агуулсан байх ба хамааралгүй өөр бүтээгдэхүүний мэдээлэл, сурталчилгаа оруулахгүй байх. Хэрэв дараах зүйлсийг оруулсан тохиолдолд сайтын Зохицуулагч нийтлэхгүй болохыг анхаарна уу.
6.4. Бизнес санал оруулахдаа гарчигаа оновчтой өгөх, тухайн санал, зар мэдээний ангилалаа зөв сонгох, зургийг чанартай харагдахуйц байдлаар ихдээ 10 хүртлэх хамаарал бүхий зураг оруулах, элдэв тамга тэмдэгтэй зураг оруулахгүй байх. Хэрэв оруулсан тохиолдолд сайтын Зохицуулагч нийтлэхгүй болохыг анхаарна уу.
6.5. Өргөдөл, гомдол оруулахдаа гарчигаа оновтой, ойлгомжтой, товчхон бичих, ангилалаа зөв сонгох, хэрвээ зурагтай бол чанартай харагдахуйц байдлаар ихдээ 10 хүртлэх хамаарал бүхий зураг оруулах, элдэв тамга тэмдэгтэй зураг оруулахгүй байх.
6.6. Байгууллагын танилцуулгад текст болон зурагнаас гадна элдэв вэб сайтын холбоос, утасны дугаар, хаяг оруулахыг хориглоно. Эдгээр мэдээлэл нь байгууллагын ерөнхий мэдээлэлд хамаарах тул давхардаж оруулахыг хориглоно.
6.7. Мэдээлэл, үйлчилгээ зэргийг оруулахдаа мэдээллээ сайтар шалгаад уг үйлчилгээний нөхцөлийн 8.1 дэх заалтыг даган мөрдөнө. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн оруулсан мэдээллийг нийтлэхээс татгалзах, удаа дараа зөрчсөн тохиолдолд хэрэглэгчийн дансыг түр хаах хүртэл арга хэмжээ авахыг анхаарна уу.
6.8. Хэрэглэгчийн оруулсан өргөдөл гомдлыг вэб сайтын зохицуулагч хүлээн авч нийтлэсэн тохиолдолд хэрэглэгч тухай нийтлэсэн өргөдөл, гомдлоо засварлах боломжгүй. Хэрвээ хүлээгдэж буй горимд байгаа тохиолдолд агуулгаа дахин засварлах боломжтой. Өргөдөл гомдлоо оруулахдаа агуулга, зураг, гарчиг зэргийг сайтар нягталж эцсийн байдлаар болсон тохиолдолд хадгалах товчлуурыг дарж илгээхийг анхаарна уу.
6.9. Таны оруулсан өргөдөл, гомдол зорилгодоо хүрч олон нийтийн дэмжлэгийг авсан тохиолдолд МҮХАҮТ-аар дамжуулан дуу хоолойгоо хүргэх боломжтой. Дэмжигчдийн тоо системээс өгсөн зорилтот тоонд хүрснээр зорилгодоо хүрсэн гэж ойлгоно. 

ДОЛОО. ТӨЛБӨР, ТООЦОО

7.1. Төлбөр, тооцоотой холбоотой асуудлыг МҮХАҮТ-ын гишүүнчлэлийн ангилалын төлбөрөөр зохицуулна.
7.2. Үйлчилгээний хугацаа дууссан бол хэрэглэгчийн нэвтрэх хэсэгт хязгаарлалт хийгдэнэ. Үйлчилгээний төлбөр төлөгдөхөд үйлчилгээний хугацаа сунгагдаж, хязгаарлалт цуцлагдана.

НАЙМ. ОЮУНЫ ӨМЧ

8.1. Хэрэглэгч нь оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн аливаа мэдээллийг нийтэд мэдээлэхийг хориглоно.
8.2. Сайтад нийтлэгдсэн бараа, үйлчилгээ түүнд хамаарах барааны тэмдэгтүүд нь тус тусын эзэмшигчдийн өмчид тооцогдоно.

ЕС. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

9.1. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээг ашиглахтай холбоотой санал, гомдол, хүсэлтийг membership@mongolchamber.mn цахим шуудангийн хаяг болон 7727-7070 утсаар (ажлын өдрүүдэд 09:00 - 17:00 цагийн хооронд) хүлээн авч шийдвэрлэнэ.
9.2. Үйлчилгээний тасалдал нь байгалийн давагдашгүй хүчин зүйл (гал, үер, газар хөдлөлт, аянга болон тэсрэлт) эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотой бол үйлчилгээг тасалдсанд тооцохгүй бөгөөд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.
9.3. Хэрэглэгч нь үйлчилгээний нөхцлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, үйлчилгээг хууль бусаар ашигласан, үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлана.
9.4. Үйлчилгээтэй холбоотой санал, гомдол, асуудал, маргааныг талууд эв, зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хэрэв шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлнэ.