EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
"ИХ ХААНЫ ТАМГА"
1,899,000
Үзсэн тоо : 1992
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • Өргөө гэрийнхээ хойморьт болон албан өрөөндөө дээдлэн залахад зориулан бүтээсэн ИХ ХААНЫ ТАМГА бэлэг дурсгалын бүтээгдэхүүн.

    Их Хааны тамга дурсгалын бүтээлийг гальваникийн буюу электролизийн (Electrotyping) бүрэлтийн аргаар өндөр нарийвчлалтайгаар зэс материалаар биежүүлэн гарган авч никель, лак, алтаар чимэглэн улаан модны нэгэн төрөл зүйл Sapele модоор урласан хүрээнд эрхэмлэн залж бүтээв.

    Хэмжээ: өндөр 28.0 см, өргөн 28.0 см, зузаан 1.8 см
    Материал: зэс, никель, алт, лак, мод. 999.9 сорьтой алтан бүрэлт (1 микрон)
    Limited - 999 ширхэг

    Иж бүрдэлд: Бүтээгдэхүүн, гэрчилгээ, баталгаа, гоёмсог хайрцаг, бэлгийн савалгаа.

     

     

     

    Их Монгол улсын Далай Их Хаадын хоёр зууны турш дэлхийн дайдыг засагласан эрх мэдлийн бэлгэдэл, цааз зарлигийн баталгаа нь төрийн тамга байсан билээ. Монголчуудын эрин зуунд Перс, Орос, Хятад, Тангуд, Солонгос зэрэг улс, үндэстэн бүрийн эзэд энэ тамганы дардаст захирагдан бөхийж байсан юм.
    “Монголын нууц товчоон”-д өгүүлснээр, Их Хаан төрийн тамга хэрэглэх ёс нь Чингис хаан 1204 онд Найман аймгийг эзэлсэн үеэс Монгол төрийн уламжлал болсон бөгөөд Хубилай Сэцэн хааны үе хүртэл ИХ ХААНЫ ТАМГЫГ хэрэглэж байжээ.

    1206 онд Чингис хааныг Их Хааны сууринд залах ёслолын үеэр төрийн тамгыг нийт даяарт зарлан, хааны ордны бичгийн багш Тататунга хариуцаж байсныг сурвалж бичгүүдэд нотлон бичжээ.
    Чингис Хаан 1227 онд тэнгэрт хальж, Толуй хоёр жил засаг барьж, Өгэдэй Хаан арван гурван жил хаанчилж, Төрэгэнэ хатан таван жил төр барих хугацаанд Чингис хааны тамга хэвээр хэрэглэгдэж, Гүюг хаанд уламжлагдсан нь эргэлзээгүй.
    Их хааны тамга эдүгээ үед уламжлагдан ирээгүй буюу олдоогүй ч, дардас нь тэрхүү зууны аяс, түүхээ агуулан хадгалагдан үлдсэн нь гайхамшигтай.

    Дэлхийн хамгийн нууцлаг агаад баялаг баримтыг агуулдаг Ватикан-ы номын санд Их хаан Гүюгээс Ромын Пап IV Инносентэд 1246 онд илгээсэн захидал хадгалагддаг.
    Ромын Папын элч Плано Карпини 1246 оны намар Гүюг хаанд бараалхаж, Ромын Пап IV Инносентийн албан захидлыг өргөн барьжээ. Папын захианд Гүюг хааныг христийн шашинд дагаар орохыг ятгасан байв. Гүюг хааны хариу бичгийг 1246 оны 11 дүгээр сарын эхээр төлөвлөн бичиж перс, латин хэлээр хөрвүүлэн хоёр хувь үйлдэж, сарацин хэлнээ орчуулан хавсаргажээ.
    Захидлыг 20 см өргөн, 120 см урттай цардмал цаасан дээр бичсэн байна. Монголын Их Хаан Гүюг барууны ертөнцийн эзэн гэгддэг Ромын Папад “Мөнх тэнгэрийн хүчин дор. Бүх аугаа их ард иргэдийн далай хааны зарлиг, зарлигийг минь шашны эзэн ухаартугай… Та нар хэрвээ өөрийн хэлсэн үгэндээ эзэн суух болбоос Пап чи өөрийн биеэр бараалхахаар ир...” хэмээн хүүрнэх ба захидлын төгсгөлд “Одоо та нар “Бид болон таны харьяат албат, аливаа эд хөрөнгийг дуртай өргөмүй” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй бөгөөд чи харьяат ван нараа дагуулан, нэг ч хоцролгүйгээр бидэнд бууж өгөх хэрэгтэй... Хэрвээ буруу санаа өвөрлөвөөс хэрхэхийг тэнгэр мэднэ...” хэмээн өгүүлжээ.
    Захидлын дунд болон баруун доод буланд буюу бичээсийн төгсгөлд Монголын Их Хааны тамгыг дарж баталгаажуулсан байдаг. Энэ нь одоо мэдэгдэж буйгаар Монголын эзэнт гүрний төрийн тамганы цорын ганц дардас юм. Дардсаас үзвэл, тамга 155x155 мм хэмжээтэй байжээ.

    Тамганы дардсыг сийрүүлбэл:
    “Мөнх тэнгэрийн хүчин дор. Их Монгол Улсын Далайн хааны зарлиг.
    ил булхай иргэн дор хүрвээс биширтүгэй аюутугай
    (Möngke ṭngri-yin küčündür. Yeke Mongγol ulus-un dalai-in qanu ǰrlγ.
    Il bulγa irgen-dür kürbesü, büsiretügüi ayutuγai.)” хэмээжээ.

    Ватиканы түүхийн сан хөмрөг дэх Гүюг хааны энэхүү захидлыг Оросын сүмийн бичээч, түүхч Кирилл Королевский 1920 онд олж, гэрэл зурагт буулган, Ираны эрдэмтэн Массэ-д өгч судлуулжээ. Массэ захидлыг анх орчуулж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулан, улмаар Гүюг хааны зарлиг хэмээн алдаршсан Монголын Их Хааны тамганы дардастай захидлыг орон орны эрдэмтэд судлах боломж нээгджээ.

    Их Хааны тамганы бичээсийг төрийн бичгээр сийлж, Монголчуудын дэлхий дахиныг засаглах оюун санааны илэрхийлэл болсон тэнгэр үзлийг тусгаж өгчээ. Академич Ш.Бирагийн дүгнэснээр, Монголын тэнгэрчлэх үзэл эцсийн бүлэгт жинхэнэ даяар ертөнцийн үзэл /Universalism/-ийн тодорхой нэг илрэл нь байсан бөгөөд тэрхүү даяар ертөнцийн үзэл бол монголчуудын улс төрийн сэтгэлгээний ер бусын их ололт байсан билээ.
    Их хааны тамганы дардас нь эртний Монголчуудын оюун санааны өв, гүн ухааны амин сүнсийг тээсэн агаад Хаан Чингисийн төрийг хамаг дэлхийд дархалсан юм.

    Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай Их Хааны тамга мянганаар өртөөлсөн Монгол төрийг ивээж, хотол түмний заяаг өнөд тэтгэг!

     

    Судлаач Ч.Содбилэг

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.