EN RU CN
Эхлэл Байгууллага Бүтээгдэхүүн Бизнес санал Өргөдөл, гомдол Гэрээний загвар
МОНГОЛ АМГАЛАН / PAX MONGOLICA
3,555,000
Үзсэн тоо : 578
Ангилал : Бэлэг дурсгал
Шинэчлэгдсэн огноо: 2021-04-29
  • Өргөө гэрийнхээ хойморьт болон албан өрөөндөө дээдлэн залахад зориулан бүтээсэн МОНГОЛ АМГАЛАН бэлэг дурсгалын бүтээгдэхүүн.

    “МОНГОЛ АМГАЛАН” чимэг царыг бүтээхдээ бид хөлгөн их судрын алдарт шунх зургийг төвлөн цогцлуулж, эзэн Богд Чингис хааны есөн их өрлөг жанжныг эрдэнэт хүлэг дээр заларсан төрхөөр хүрээлэн, жавхлант цоморлиг болгов.
    Ингэхдээ бүтээгдэхүүн бүрийн тиг зураас, дүрс хажлагыг алдарт "ЗЛАТОУСТ"-ын билигт урчууд, авьяаслаг инжаан нар нэг бүрчлэн мутраар зурж, сийлсэн бөгөөд гуулиар биежүүлсэн энэ царны алт, никель бүхий өнгөний ялгамжийг орчин цагийн технологийн ололтоор цогцлоов.

    Хэмжээ (диаметр): 32 см
    Материал: гууль, никель, алт. 999.9 сорьтой алтан бүрэлт (1 микрон)
    Иж бүрдэлд: Чимэг цар, бэлгийн хайрцаг, гэрчилгээ, бэлгийн савалгаа.
    Limited - 555 ширхэг
     

     

    Ертөнц түшгээ, номлол өмгөө, гүрэн нөхрөө олж;
    Самуун бээр мөхөл лүгээ, булхай бээр сөнөл лүгээ учирч;
    Амгалан энхийн гандсан сарнай ахин дэлбээлж,
    Ариун шударгуун охь чийг илтэд түгвэй...

    Рашид ад-Дин, “Судрын чуулган”, 1310

    Нийтийн тооллын 1300-аад оны эх... Дорнод Европоос Япон тэнгис, Новгородоос Зүүн Өмнөд Ази хүртэлх 33 сая ам дөрвөлжин км уудам нутагт Монголын Их Амар Амгалан цогцлон тогтоод байлаа... Их эзэн Чингисийн угсааны 4 их гүрэн хоорондын толхилцлоо зуурхнаа шийдэж, дор бүрнээ орон улсаа төвхнүүлж, төр ахуйгаа цэгцлэх үйлдээ шамдав.
    Их Юань улс далай гаталж, ширэнгэ нэвтэлж хийсэн бүтэл муутай дайны хөлд сүйдсэн эдийн засгаа сэргээж, Өлзийтөмөр (1265-1307), Буянт (1285-1320) хаад Их хаан Хувилайн шинэчлэлийг үргэлжлүүлж байлаа. Цагаадайн улсад ч дотоодын самуун түр намжиж, Дува (1282-1307) хааны засаглал Дундад Азид амсхийх энх тунхыг авчрав. Башир сайд Ногайн уршигт адал үймээнийг дарж чадсан Алтан Ордны улс идэр чийрэг Өзбек (1283-1341) хааны ивээл дор мандал бадралынхаа туйлд хүрэхээр амьсгаа даржээ. Туйлдан доройтож, хүн зон нь үгүйрсэн Ил Хаант улс Газан хааны (1271-1304) засаг, тохинуулгаар хүч тамираа сэлбэж, хот балгад, гар урлал нь цэцэглэн, ардын зоо тэнийж байлаа...
    Чухам энэ цаг үед, 1301 онд Ил хаан Газан өөрийн тэргүүн сайддаа монголчуудтай холбоотой бүх үүх түүхийг нэгэн сударт нийтгэн цуглуулахыг зарлигдсан байна. Арван жилийн дараа энэ судар тухайн цагт билиг оюунаар тольдож болох бүх улс, түмний явдал, мөрийг багтаасан, энэ бөмбөрцөг дэхь анхны “Дэлхийн түүх”-ийн хөлгөн судар болон мэндэлжээ. Ийм “Судрын Чуулган” бүтээх санаа, чадал тэр үед зөвхөн хязгаар үгүй газар дайдыг нэгэн туган дор нэгтгэн тольдсон Монгол хаадын Зориг, Омогт л төрөх заяатай байлаа. Харин үүнийг туурвин эмхлэх авьяас тухайн цагт гагц монгол төрийн Тэргүүн сайд Рашид ад-Дин Фазлуллахын оюун билигт л цогцлох нигууртай байсан юм.
    Үүнийг Дэлхий хүлээн зөвшөөрдөг билээ...

    Зөвхөн монгол, түрэг угсаатан төдийгүй “Хятад, эртний жүүд, франк, ромын пап нар, германы эзэн хаад болон Энэтхэг”-ийн улс түмнүүдийн гарал үүсэл, түүх намтар, ахуй заншлыг багтааж, исламаас өмнөх болон хойших түүхийг өгүүлэхдээ зөнч Мухамедын үүсгэсэн халифат, хожмын газневид, сельжук, хорезмшах, гуридуудын тухай өгүүлсэн энэ бүтээл бол яахын аргагүй “Дэлхийн түүх” байлаа.
    “Судрын чуулган”-ыг бүтээхэд Перс, Хятад, Энэтхэг, Европоос ирсэн мэргэд оролцож, монголын түүхийн гүн мэдлэгтэй монгол сайд Болд Чинсан залагдан, зөвлөн гэгээрүүлж байсан юм. Зөвхөн эх сурвалжийн хувьд гэхэд алдарт “Диван-и лугат ат-тюрк”, Жувейнигийн “Дэлхийг дагуулагчийн түүх”, алтан ургийн түүх “Алтан дэвтэр” зэрэг олон бичиг судар, аман яриануудыг ашигласан, шууд ишлэлийг нь агуулсан байдаг.
    Агуу бүтээлийг санаачлан эхлүүлсэн Газан хаан (Тулуйн хүү Хүлэгү хааны гуч) бол монгол, перс, түрэг, араб, хинди, хятад, франц хэлийг их, бага хэмжээгээр эзэмшсэн, анагаах ухаан, одон орон, хими сонирхдог, монгол болон Ираны түүхэнд нэвтэрсэн, төгс боловсролтой язгууртан байлаа. Харин хөлгөн судрыг туурвигч Рашид ад-Дин бол үе дамжсан эрдэмтэн, төрийн түшээ, Газан болон Өлзийт хааны үед Тэргүүн сайдын алба хашиж байсан, тухайн үеийн төр ёсны их шинэчлэл, бодлогын “тархи” болсон эрхэм байжээ. “Судрын чуулган” бол Рашид ад-Дины шууд удирдлага, сод хараа, үзэл санаагаар биежсэн төдийгүй түүний гардан бичиглэсэн бүлгүүд жин дардаг түүхийн бүтээл юм.

    “Судрын чуулган” бол зөвхөн далай мэт яндашгүй үүх түүхээрээ төдийгүй элбэг дэлбэг, тансаг чимэг зургуудаараа дутахгүй алдартай. Рашид да-Дин сайдтан дэргэдээ мэргэд, урчуудаас гадна чадварлаг зураачдын өргөн бүлгэмтэй байсан гэдэг. Их судрын зургийн ихэнхийг тухайн цагт ид цэцэглэж байсан персийн уран зургийн дэгд хамаатуулдаг билээ. Үүнтэй зэрэгцэн, судрыг бүтээгчид Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнодоос залсан судруудаас хуулбарлан буулгасан зургууд ч цөөнгүй бөгөөд үнэ цэнэ нь мөн үл хоцроно. Үүнд, хятад хаадын зуу хол давах хөргүүд, Бурхан багш, Библийн судартай холбоотой чимэглэлүүд хамаарна.

    Хажуугаас нь хашин тулсан хүчирхэг хоёр луунаас эрх сүрээрээ илтэд давуу харагдах аврага догшин луут түшлэг, домгийн галт шувуун суурь бүхий уудам сэнтийд Их Хаан, Их Хатан хоёр заларчээ. Хаантан мэлмийгээ баруун мөр өөд ялимгүй давуулж зарлиг айлдахуйд хүрээлэн зогсох ноёд, дээдэс, бага хатад гүн бишрэлтэй сонордоно. Ямба, донж тэгш Хатантан намбалаг суудал засан, эзний үгийг таалахдаа гараа элэг, зүрхний тушаа ялдам агуулжээ. Дээдсийн хөлд их ёслолын идээ, рашааныг засч буй бараа бологсод ёс хэвийг журамлаж, найрын дэгийг шийтгэхэд эш онолоо хуваалцан зөөлөн хүүрнэнэ.
    Ихсийн агссан гэзэг үснэр, малгай хувцас сэлт бүгд язгуур монгол шинжтэй бөгөөд Хаан, Хатан хоёрынх харин энгийн атлаа төгөлдөр хийц, зураачийн нямбай урласан хуниас зэргээр илтэд ялгарна. Сүрлэг энэ ёслол дэлгэрэн үржихийн бэлгэдэл болсон өнгийн цэцэг дэлбээлсэн мододын дунд өрнөх ажгуу.
    Эрхэм ихэмсэг энэ зураглалд залагдсан дээдсийн төрх бүгд агуу их амар амгаланг агуулжээ. Тэр бүү хэл энэ хүрээлэлд зэвсэг агссан нэгээнхэн бээр үгүй бөгөөд тушаал хүлээсэн цэрэг мэт суух хэсэг ноёд эвэрт нум барьсан ч саадгандаа нэг ч сумгүй байна.
    Учир иймээс, дэлхийн их хөлгөн судрыг бүтээсэн Амгалан он жилүүдийг бэлгэдэн, Судрын алтан хуудаснаас дээжилсэн энэ зургийг бид “МОНГОЛ АМГАЛАН” хэмээн нэрийдсэн бөлгөө...

    “МОНГОЛ АМГАЛАН” чимэг царыг бүтээхдээ бид хөлгөн их судрын алдарт шунх зургийг төвлөн цогцлуулж, эзэн Богд Чингис хааны есөн их өрлөг жанжныг эрдэнэт хүлэг дээр заларсан төрхөөр хүрээлэн, жавхлант цоморлиг болгов.
    Ингэхдээ бүтээгдэхүүн бүрийн тиг зураас, дүрс хажлагыг билигт урчууд, авьяаслаг инжаан нар нэг бүрчлэн мутраар сийлсэн бөгөөд гууль эрдэнээр биежүүлсэн энэ царны алт, никель бүхий өнгөний ялгамжийг орчин цагийн технологийн ололтоор шийдлээ.

    Дэлхий дайдыг дагуулахдаа Дэлхийн энгээр сэтгэж, өмнөх ертөнц, оршихуйн бүхий л Билиг Оюун сэрж, төрүүлж чадаагүй Эрин Галвынхаа Их Хөлгөн Судрыг нийтгэн туурвисан Өвөг Дээдсээрээ бахархаж,
    Амгалан цагийг Зоригоор залж, Аугаа Ихсийнхээ өв замналыг Үрс хойч нь дагаж, орчин хөрвөх Орчлон Хорвоогийн хэмнэл, цараагаар Бясалгаж, Бүтээхийн Ерөөл талбин,
    “МОНГОЛ АМГАЛАН” чимэг царыг энэ үеийнхэнд өргөн барив!

  • Зөвхөн нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл бичих боломжтой.